Ангилсан, харилцан ажиллах боломжтой эцсийн өмчлөлийн өгөгдөл

Тойм

Өгөгдлийг ангилсан хэлбэрээр авах боломжтой үед эцсийн өмчлөлийн (ЭӨ) өгөгдлийн хэрэглээ, үнэ цэнэ нэмэгддэг. Ангилсан өгөгдөл гэж урьдчилан тодорхойлсон загварын дагуу сайтар ангилагдсан өгөгдлийг хэлнэ. Эхний улс орнууд ЭӨ-ийн өгөгдлийг цуглуулж, зарим нь нийтэлж эхэлснээс хойш зарим нь үүнийг ангилсан өгөгдөл хэлбэрээр хийсэн бол, бусад нь ангилаагүй өгөгдөл хэлбэрээр хийсэн. Ангилаагүй өгөгдөл нь урьдчилан тодорхойлсон өгөгдлийн загварыг дагаж мөрддөггүй. Жишээлбэл: хэрэв эцсийн өмчлөгч болон хуулийн этгээдийн хоорондын харилцааг мэдээлэл өгч буй этгээд өөрийн үгээр тайлбарлах боломжтой бол. Ангилсан өгөгдлийг дижитал бус орчинд үүсгэж болох хэдий ч, ангилсан өгөгдөл нь дижитал хэлбэрээр байгаа үед төхөөрөмжөөр уншуулж, боловсруулахад хялбар байдаг.

Энэхүү бодлогын товч танилцуулгын эхний хэсэгт ЭӨ-ийн ангилсан өгөгдлийг цуглуулах, хадгалах, нийтлэх гол ашиг тусыг тайлбарласан. Нээлттэй, эцсийн өмчлөлийн ангилсан өгөгдлийг нийтэлсэн улс орнууд нь нэмэлт хэрэглэгчдэд илүү өргөн хүрээний өгөгдөлд дүн шинжилгээ хийх боломжийг олгож, эцсийн өмчлөлийн ил тод байдлын (ЭӨИТБ) шинэчлэлийн эхний үр нөлөөг бий болгох ажлыг хялбаршуулсан. [1] ЭӨИТБ-ын шинэчлэлийн үр нөлөөг дээшлүүлэх зорилготой мэдээлэл ил болгох дүрэм нь ЭӨ-ийн мэдээллийг ангилсан өгөгдөл хэлбэрээр цуглуулж, хадгалж, хуваалцах ёстой. Ингэснээр дараах үр дүнд хүрнэ. Үүнд:

Өгөгдлийг ангилснаар урьдчилан таамаглах боломжтой мэдээллийг бий болгоно. Ангилалт нь урьдчилан тодорхойлогдсон тул, хэрэглэгчид өгөгдлөөс юу хүлээж байгаагаа мэддэг ба энэ нь өгөгдөлтэй ажиллахад хялбар болгодог. Эдгээр ашиг тус нь зөвхөн техникийн хэрэглэгчдээр хязгаарлагдахгүй. Техникийн бус хэрэглэгчид өгөгдлийг шууд ашиглахгүйгээр ангилсан өгөгдлөөс ашиг тус хүртэх боломжтой. Ангилсан өгөгдлийг вэб интерфэйс, аппликейшн програмчлалын интерфейс (API) гэх мэт төхөөрөмж, компьютер, вэбсайт, програм болон бусад хэрэгслээр урьдчилан боловсруулсан хэлбэрээр эсвэл бөөнд нь боловсруулах хэлбэрээр ашиглах боломжтой тул, хүмүүс холбогдох мэдээлэлд техникийн бус янз бүрийн аргаар нэвтрэх, дүрслэх, харилцах боломжтой байхаар хөгжүүлж болно. Ангилсан өгөгдлийг хүн болон төхөөрөмжөөр хийх үйл ажиллагаанд аль алинд нь нэгтгэх боломжтой бөгөөд энэ нь ангилаагүй өгөгдлийн хувьд боломжгүй буюу их ажиллагаатай байдаг. Жишээ нь, ангилсан ЭӨ-ийн өгөгдлийг бөөнд нь боловсруулах хэлбэрээр хуваалцсанаар Санхүүгийн мэдээллийн алба, худалдан авах агентлаг, банк, сэтгүүлч зэрэг хэрэглэгчдэд ашиг сонирхлын бусад багц өгөгдөл дээр харагдсан сэжигтэй өмчлөлийн хэлбэр эсвэл эцсийн өмчлөгчийг тодорхойлох зорилгоор өгөгдлийн судалгаа, төхөөрөмжөөр судлах арга техникийг хэрэглэх боломжийг олгоно.

Ангилаагүй өгөгдөлтэй холбоотой саад тотгорыг арилгаснаар, ангилсан өгөгдөл нь засгийн газрын өгөгдөл цуглуулах зардлыг бууруулж, хуулийн этгээдийн ил тод зарлах шаардлагад нийцнэ. Энэ нь өгөгдлийг хадгалах, нийтлэхтэй холбоотой зардлыг мөн бууруулна. Ангилсан өгөгдөл нь ашиглалт, дүн шинжилгээ хийхтэй холбоотой зардлыг бууруулах замаар ЭӨИТБ-ын шинэчлэлийн бодлогын зорилтуудыг биелүүлэх зардлыг бууруулж, нөлөөг ихэсгэнэ. Шаардлагатай системийг бий болгохтой холбоотой өндөр өртөг зардлыг урт хугацаанд цуглуулах, хадгалах, нийтлэх, ашиглах, засварлахтай холбоотой бага зардлаар нөхнө гэж үзэж байгаа.

Ангилсан өгөгдөл нь харилцан ажиллах боломжтой буюу өгөгдлийг бусад эх сурвалжийн хамтаар ашиглахад хялбар бөгөөд өөр систем, процесст нэгтгэх боломжтой юм. ЭӨ-ийн нарийн төвөгтэй харилцааны үндэстэн дамнасан шинж чанар нь өмчлөлийн бүтцийг бүрэн ил тод болгохын тулд өөр өөр улс орнуудын ЭӨ-ийн багц өгөгдлийг нэгтгэх зайлшгүй шаардлагатай болгодог. Худалдан авалтын үйл ажиллагааг сайжруулах, хориг арга хэмжээ, кампанит ажлын санхүүжилтийн зохицуулалтыг хэрэгжүүлэх зэргээр ЭӨИТБ-ыг хэрэгжүүлж буй улс орнууд бодлогын нэмэлт зорилтуудыг биелүүлэхийн тулд мэдээллийг бусад багц өгөгдөлтэй хослуулах шаардлагатай болдог. ЭӨ-ийн өгөгдөл нь ангилсан, харилцан ажиллах боломжтой үед илүү өргөн хүрээний баталгаажуулалтын механизмыг ашиглах боломжтой тул, баталгаажуулахад хялбар ба улмаар өгөгдлийн чанар сайжирдаг.

Open Ownership (OO) байгууллагын Эцсийн өмчлөлийн өгөгдлийн стандарт (ЭӨӨС) зэрэг өгөгдлийн стандартыг өргөнөөр нэвтрүүлснээр эдгээр ашиг тусыг дээд зэргээр хүртэх боломжтой. [a] ЭӨӨС нь дэлхий даяарх компьютерийн системүүд уншиж, ойлгохуйц форматаар эцсийн өмчлөлийн тухай ангилсан өгөгдлийг нийтлэх тогтолцоо юм. ЭӨӨС-ыг засгийн газар болон хувийн хэвшлийн аль алиных нь хамт баталж, энэ хүрээнд хэд хэдэн хэрэгсэл, програмыг хөгжүүлсэн. [2]

Энэхүү бодлогын товч танилцуулгын хоёрдугаар хэсэгт ЭӨ-ийн ангилсан өгөгдлийг ашиглахад хэрэгжүүлэгчдэд юу хэрэгтэйг онцолсон. ЭӨ-ийн ангилсан өгөгдлийг ашиглахын тулд хэрэгжүүлэгчид дараахыг хийнэ. Үүнд:

  • ЭӨ-ийн өгөгдлийг цуглуулах, хадгалах зарчмыг бий болгох, наанадаж ЭӨ-ийн ангилсан өгөгдлөөр хангах:
    1. Онцгой таних тэмдэг болон хангалттай тайлбарлах талбаруудыг ашиглан ЭӨ-ийн мэдүүлэгт ил болгосон хүмүүс, компаниуд болон бусад холбогдох талуудыг тодорхойлох;
    2. ЭӨ-ийн мэдэгдэлд ил болгосон талуудын хооронд байж болох бүх харилцааг тодорхойлох;
    3. ЭӨ-ийг мэдээлэх байдалд аудит хийх боломж олгох.

      Хэрэгжүүлэгчид нь системийн загвар, бизнесийн үйл ажиллагааг техникийн түвшний шинэчлэлийн зорилтуудтай нийцүүлэх ёстой. Техникийн систем, өгөгдлийн сангийн загвар нь хэвлэн нийтлэх, өгөгдөл солилцох үе шатанд хүлээгдэж буй бүрэн ажиллагаа, нэвтрэх эрхтэй нийцэж байгаа эсэхийг хэрэгжүүлэлтийн эхний үе шатанд анхаарвал зохино. [c]

  • Боломж бололцоогоо ухамсарлаж, хэвлэн нийтлэх үе шатанд тодорхойгүй байдлыг арилгана. Нийтлэгдсэн өгөгдлийг хэрэглэгчид аудит хийх боломжтой байлгах нь өгөгдлийн бүрэн боломж бололцоог хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой. Нийтлэгдсэн өгөгдлийг техникийн бус хэрэглэгчид, техникийн хэрэглэгчид, системүүдийн аль алинд нь янз бүрийн аргаар ашиглах боломжтой болгох замаар үүнд хүрч болно. Тухайлбал:
    • вэб интерфэйсээр дамжуулан бүртгэлээр хайх;
    • вэб интерфэйсээр дамжуулан бүртгэл үзэх;
    • бөөнд нь боловсруулах хэлбэр;
    • API-ээр дамжуулан нэвтрэх.

Хэрэгжүүлэгчид мөн өгөгдлийн зохих лицензийг шийдвэрлэж, нийтэлсэн өгөгдөлтэй холбоотой тодорхой бус байдлыг арилгах ёстой нийтлэх бодлогын хэлбэрээр хангалттай баримт бичгийг өгвөл зохино.

Ангилсан өгөгдөл нь өгөгдлийг бусад өгөгдөлтэй амархан нэгтгэж, урьдчилан таамаглах боломжтой, найдвартай болгодог тул OO-ын зарчмын үндсэн ойлголт юм. [3] OO-ын зарчим нь ЭӨ-ийг үр дүнтэй ил болгох стандартыг тогтоож, өндөр чанартай, хэрэгцээтэй өгөгдлийг хэвлэн нийтлэх арга барилыг тодорхойлдог. OO-ын зарчим нь нийтлэгдсэн өгөгдлийг хэрэгцээтэй, алдаа мадаггүй, харилцан ажиллах боломжтой байлгахад тусалдаг.

Зураг 1. Ангилсан өгөгдлийг ашиглан эцсийн өмчлөлийг ил тод болгох системийн жишээ
Зураг 1. Ангилсан өгөгдлийг ашиглан эцсийн өмчлөлийг ил тод болгох системийн жишээ (Structured Data Flow)

Ангилсан ЭӨ-ийн өгөгдөл нь түүний ажиллагааг сайжруулж, бүх үе шатанд зардлыг бууруулж, бодлогын нөлөөг ихэсгэхэд хүргэдэг. Үүнд хүрэхийн тулд, хэрэгжүүлэгчид таатай орчныг бүрдүүлэх ёстой бөгөөд өгөгдөл нь эцсийн өмчлөлийн гол элементүүдийг тодорхойлох, тайлбарлах байдлаар ангилагдсан байх ёстой. ЭӨ-ийн өгөгдлийг цуглуулах, хадгалах, засварлах, солилцох, нийтлэх боломжтой байхын тулд, дижитал системүүд болон удирдлагын процессууд хоорондоо жигд нийцэж байх шаардлагатай. Нээлттэй стандартыг дагаж мөрдөх , мөн баримт бичиг, лицензийн мэдээллийг багтаасан хэвлэлийн тодорхой бодлогыг нийтлэх замаар хуваалцах, нийтлэх үе шатанд тодорхойгүй байдлыг шийдвэрлэх хэрэгтэй. Өгөгдөлд нэвтрэх олон арга замаар өгөгдлийг аудит хийх боломжтой болгож болно. ЭӨӨС зэрэг өгөгдлийн стандартууд нь ангилсан өгөгдлийн форматын хамтаар ЭӨ-ийн өгөгдлийг цуглуулах, хуваалцах, ашиглах удирдамжаар хангана.

Нүд 1: Гол ойлголт, тодорхойлолт

Ангилсан, харилцан ажиллах боломжтой ЭӨ-ийн өгөгдөл нь бодлогын зорилтууд болон ангилсан ЭӨ-ийн өгөгдлийг цуглуулах, хадгалах, хуваалцахад шаардлагатай бодлогыг хэрэгжүүлэхэд хэрхэн хувь нэмэр оруулж болохыг ойлгохын тулд, хэд хэдэн гол ойлголтыг тайлбарлах зайлшгүй шаардлагатай. Эдгээр ойлголтуудын зарим нь илүү ерөнхий хүрээнд үйлчлэх хэдий ч, ЭӨ-ийн өгөгдлийн нөхцөл байдалд голчлон анхаардаг.

Өгөгдөл нь төхөөрөмж болон хүмүүс мэдээллийг хадгалах, дамжуулахад ашиглагдана. Энэ нь мэдээллийн нэгж юм. Өгөгдөл нь өөрөө ямар ч утгагүй хэдий ч, тодорхой нөхцөлд ашиглах эсвэл харах үед утгатай болдог.

Ангилсан өгөгдөл гэж урьдчилан тодорхойлсон загварын дагуу сайтар ангилагдсан өгөгдлийг хэлнэ. [d] Энэ нь төхөөрөмжөөр тайлбарлаж, эцсийн өмчлөлийн утга учиртай мэдээллийг дамжуулахад хангалттай агуулга, ангилал, нөхцөлтэй (Хүснэгт 1харна уу). Ангилсан өгөгдлийг дижитал бус орчинд үүсгэж болох хэдий ч, уг товч танилцуулгад энэ нь дижитал өгөгдөлд хамаарна.

Төхөөрөмжөөр унших боломжтой өгөгдөл нь төхөөрөмж эсвэл компьютероор хялбар боловсруулж болох формат бүхий өгөгдөл юм. Төхөөрөмжөөр унших боломжтой өгөгдөл нь дижитал ангилсан өгөгдөл байх ёстой.

Өгөгдлийг бусад өгөгдлийн эх сурвалжтай хялбар ашиглаж, янз бүрийн систем, процесст нэгтгэж болж байвал харилцан ажиллах боломжтой . Харилцан ажиллах боломжтой ЭӨ-ийн өгөгдлийн хувьд, жишээ нь, компанийн дугаарыг тайлбарлах нийтлэг аргыг ашиглаж, өөр өөр улс орнуудын багц өгөгдлийг нэгтгэх боломж олгодог. [4] Харилцан ажиллах боломжтой ЭӨ-ийн өгөгдлийг гэрээний өгөгдөл гэх мэт ЭӨ-ийн бус багц өгөгдөлтэй нэгтгэж болно.

Өгөгдлийн стандарт нь өгөгдлийг хэрхэн ангилах, хэвлэн нийтлэх, нөхцөл байдалтай уялдуулах талаарх дүрэм, гэрээний баримтжуулсан иж бүрдлээр хангана. Өгөгдлийн хэлбэр, тодорхойлолт, дамжуулалт, зохицуулалт, ашиглалт, удирдлагыг мөн хамарч болно. Стандартууд нь гарал үүслээс үл хамааран өгөгдлийг үүсгэх, ойлгох нийтлэг хэлээр хангах бөгөөд загварын хувьд дээд зэргээр харилцан ажиллах боломжийг олгоно. Нэг өгөгдлийн стандартад нийцэхгүй ангилсан өгөгдөл нь харилцан ажиллах боломжтой (гэхдээ заавал ингэх шаардлагагүй) байж болох хэдий ч, өгөгдлийг нэгтгэхийн тулд нэмэлт хувиргалт хийх шаардлага гарч болно. Доор илүү дэлгэрэнгүй авч үзэх ЭӨӨС нь өндөр чанартай ЭӨ-ийн өгөгдлийн дүрмийг тогтоодог өгөгдлийн стандарт юм. [5]

Хүснэгт 1. Ангилаагүй (зүүн) болон ангилсан (баруун) эцсийн өмчлөлийн өгөгдөл

Ангилаагүй Aнгилсан
Өмчлөл буюу хяналтын шинж чанар Өмчлөл буюу хяналтын шинж чанар
Энэхүү эцсийн өмчлөгч нь мэдүүлэгч хуулийн этгээдийн хувьцааг дараах хувьцаа эзэмшигчидээр дамжуулан мэдүүлж буй хуулийн этгээдийн нийт хувьцааны 27 хувийг шууд бусаар буюу үр хүүхдүүдээрээ дамжуулан эзэмшдэг: (1) “Angerujjheit BV” Нидерланд улс дахь бүртгэлийн дугаар: 64739564, бүртгэлтэй хаяг: Byterslaan 105, NL-4722GF Amsterdam, Netherlands; (2) “RigaTech Systems Ltd.” Британийн Виржиний Арлууд дахь бүртгэлийн дугаар: 396654, бүртгэлтэй хаяг: P.O. Box 124, Offshore Incorporations Centre, Road Town, Tortola, British Virgin Islands Нийт хувьцааны өмчлөлийн % 27
Саналын эрхтэй хувьцаагаар дамжуулах нийт хяналтын % 27
Мэдүүлэгч хуулийн этгээд дэх хувьцааны шууд эзэмшил 0
Мэдүүлэгч хуулийн этгээд дээр шууд санал өгөх хяналтын эрх 0
1.1 Завсрын хууль ёсны эзэмшигч нар
Хууль ёсны эзэмшигч 1
Нэр Angerujjheit B.V.
Бүртгэлийн байгууллага Нидерландын худалдааны бүртгэл
Бүртгэлийн дугаар 64739564
Хууль ёсны эзэмшигч 2
Нэр RigaTech Systems Ltd.
Бүртгэлийн байгууллага Их Британийн Виржиний Арлуудын Компанийн бүртгэлийн газар
Бүртгэлийн дугаар 396654

Энэхүү хийсвэр жишээний зүүн талд эцсийн өмчлөгч болон түүний компанитай харилцах харилцаатай холбоотой бүх мэдээлэл нэг бичвэрийн талбарт байгаа тул, өгөгдөл нь ангилагдаагүй байна. Баруун талд өгөгдөл нь янз бүрийн талбаруудад стандартчилагдсан байдлаар хуваагдсан байгаа тул, өгөгдөл нь ангилагдсан байна.

Зүүлт тайлбар

[a] Нэмэлт мэдээлэл авах бол, үүнийг харна уу: “Beneficial Ownership Data Standard (v0.3)”, Open Ownership, n.d., https://standard.openownership.org.

[b] Нэмэлт мэдээлэл авах бол, үүнийг харна уу: “Open Ownership Principles”, Open Ownership, updated July 2021, https://www.openownership.org/en/principles.

[c] Өгөгдлийн сангийн загварын талаар нэмэлт мэдээлэл авах бол, үүнийг харна уу: “Relational database design considerations for beneficial ownership information”, Extractive Industries Transparency Initiative and Open Ownership, 16 December 2021, https://www.openownership.org/en/publications/relational-database-design-considerations-for-beneficial-ownership-information/.

[d] Албан ёсоор бол, “ангилсан”, “хагас ангилсан” өгөгдөл нь өөр өөр ангилалд орно. Гэлээ ч, ЭӨИТБ-ын зориулалтаар, нэг ижил мэдээлэл нь ихэвчлэн ангилсан хэлбэрээр (харилцаа холбооны өгөгдлийн санд) хадгалагдаж, хагас ангилсан хэлбэрээр (JavaScript Object Notation (JSON) эсвэл XML гэх мэт) нийтлэгддэг гэдгийг мэдэж байх хэрэгтэй. Ангилал, нөхцөл байдалтай нь уялдуулж хангалттай мэдээллийг дамжуулж л байвал, ангилсан болон хагас ангилсан өгөгдлийг аль алиныг нь энэхүү товч танилцуулгад ашигласан тодорхойлолтод оруулсан.

төгсгөлийн тэмдэглэл

[1] Жишээг эндээс харна уу: “Case studies”, Open Ownership, n.d., https://www.openownership.org/en/publication-categories/case-studies.

[2] Үүнийг харна уу: “Beneficial Ownership Data Standard”, Open Ownership, n.d., https://www.openownership.org/en/topics/beneficial-ownership-data-standard.

[3] “Open Ownership Principles – Structured data”, Open Ownership, updated July 2021, https://www.openownership.org/en/principles/structured-data.

[4] FAIR зарчим нь өгөгдлийн удирдлага, төхөөрөмжөөр боловсруулах боломжтой өгөгдлийг удирдах тогтолцоог санал болгодог. Үүнийг харна уу: “FAIR Principles”, GO FAIR, n.d., https://www.go-fair.org/fair-principles.

[5] “Beneficial Ownership Data Standard (v0.3)”, Open Ownership.

Next page: Ангилсан, харилцан ажиллах боломжтой өгөгдлийн ашиг тус