Эцсийн өмчлөлийг мэдээлэх санкц, мөрдүүлгийг боловсруулах

  • Publication date: 28 April 2022
  • Authors: Ramandeep Kaur Chhina, Tymon Kiepe
  • |  View in: English 

Санкц ноогдуулах этгээд

Санкцын хууль батлахдаа бодлого гаргагч, хэрэгжүүлэгч нар ЭӨИТБ-н санкцийг хэнд ноогдуулах ёстой вэ гэдгийг бодолцож үзэх ёстой. Аливаа хуулийн этгээдтэй холбоотой талууд болон тухайн хуулийн этгээдийн эсрэг санкц тавихад харьцангуй сайн зүйлс бий. Гэхдээ эдгээр бүх талуудын эсрэг санкц тавих замаар зөрчил үйлдэгчдэд няцаалт хийх, хэн нэгэнрүү хариуцлагаа чихэх боломжгүй болгон журмыг мөрдүүлэх ашиг сонирхол бүхий үйлдэгчдийн цар хүрээг өргөжүүлж зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Мэдэгдэлтэй холбоотой бүх гол үйлдэгчдийн журам мөрдөлтийг хангахын тулд санкцыг хувь хүн (эцсийн өмчлөгч, мэдэгдэл гаргасан этгээд, компаний бүртгэгдсэн албан тушаалтан) болон хуулийн этгээдийн (мэдэгдэл гаргасан компани) эсрэг тавих ерөнхий зарчмыг баримтлах нь чухал юм.

Эцсийн өмчлөгч(ид)

Журмын мөрдөлтийг эцсийн өмчлөгчдөөр хангуулж ЭӨ-н шаардлагатай мэдээллийг үнэн зөвөөр өгөх тал дээр хуулийн этгээдтэй хамтран ажиллуулахын тулд эцсийн өмчлөгчдийг ЭӨ-н санкцын дэглэмд оруулах нь чухал юм. МУЭТЗ-н хэрэгжүүлж буй энэ аргын хүрээнд хуулийн этгээдэд ЭӨ-н мэдээллийг мэдээлэх дэглэмийг мөрдөхөд шаардлагатай мэдээллээр хангах үүргийг эцсийн өмчлөгчид ноогдуулах хийгээд энэ үүргээ зөрчсөн тохиолдолд “үр дүнтэй, тэнцвэртэй, урьдчилан сэргийлэх” арга хэмжээ, санкцыг тавихыг гишүүн орнуудаас шаарддаг. [56] Хэрэв бодит эцсийн өмчлөгч бус нэр дэвшигчийг санаатайгаар эцсийн өмчлөгч гэж мэдэгдсэн бол тухайн санкцыг нэр дэвшигчид хамруулж болно. Тухайн хувь хүн тухайн үйлдэлд санаатайгаар оролцсон бол санкцыг ноогдуулж болно; жишээ нь тухайн хувь хүн нь үүнийг сайн дураар, санаатайгаар төлбөрөөр гүйцэтгэсэн бол г.м. Гэхдээ тухайн хувь хүнд мэдэгдээгүй эсвэл шахалтаар нэр дэвшүүлсэн бол санкцыг ноогдуулахгүй байж болно.

Эцсийн өмчлөгчдөд санкц ноогдуулах заалтуудыг Австри, Люксембург, Польш зэрэг ЕХ доторх хэд хэдэн орон болон Английн ЭӨ-н мэдээллийг мэдээлэх дэглэмд оруулсан байдаг. эцсийн өмчлөгчдөд ноогдуулах ёстой болон ноогдуулдаг санкцын төрлүүдэд дараах орно:

Санхүүгийн санкцууд

Люксембургэд бүртгэгдсэн аж ахуйн нэгжид ЭӨ-н мэдээллийг мэдээлэх үүргээ биелүүлэхэд нь хэрэг болох мэдээлэл, баримт бичгийг өгөөгүй тохиолдолд эцсийн өмчлөгчид 1,250,000 еврогийн (ойролцоогоор 1,370,000 ам.доллар) санхүүгийн санкц ноогдуулна. [57]

Санхүүгийн бус санкцууд

Үүнд жишээ нь ноогдол ашиг хүртэх, санал өгөх эрхийг түтгэлзүүлэх зэргээр тухайн эцсийн өмчлөгчийн хувьцаа, эрхийг хязгаарлах байж болно (Энэтхэг, Польш, Англи). Мэдээлэл олгоогүй эсвэл хуурамч мэдээлэл олгосон үед эцсийн өмчлөгчдөд санкц тавих эрхийг компаниудад өгөх заалтыг холбогдох ЭӨ-н мэдээллийг мэдээлэх хуульд оруулж өгч болно.

Эрх зүйн системээсээ шалтгаалан хэрэгжүүлэгчид нь аливаа компани тогтоол батлах замаар дотроо энэхүү шийдвэрт хүрэх үү эсвэл ийм тушаалыг шүүхэд хандаж гаргуулах шаардлагатай юу гэдгийг тодорхойлох ёстой. Жишээ нь Англид эцсийн өмчлөгчдийн эрхийг “хязгаарлах мэдэгдэл”-н нөлөөллийг Нөлөө бүхий эзэмшигч этгээдүүдийн бүртгэл 2016 болон Компаний Хууль 2006-д заасан байдаг ба компаний дүрэмд заалт байхгүй ч компани хэрэгжүүлэх боломжтой байдаг. [58] Английн хуульд компаний зүгээс холбогдох ЭӨ-н мэдээллийг өгөх хоёр хүсэлтэд эцсийн өмчлөгч хариу өгөөгүй бол тухайн компани нь эцсийн өмчлөгчид хязгаарлах мэдэгдлийг өгч тухайн хувь хүний ашиг сонирхлыг (хувьцаа, санал өгөх эрх, зөвлөлийн томилох эрх) царцаах арга хэмжээ авч болно гэж заасан байдаг. Аливаа компани нь ЭӨ-өө хамтран ажиллаагүй гэж мэдэгдээд л хариуцлагаас зугтаах боломжгүй байх арга хэмжээг хэрэгжүүлэгчид авах ёстой ба эдгээр санкцууд хир үр дүнтэй байх нь тухайн санкц хуулийн этгээдийн эсрэг санкц зэрэг бусад санкцуудтайгаа хэр уялдаж байгаагаас хамаарна.

Санхүүгийн бус санкцууд нь тухайн компани нь өөрийгөө зохицуулах сонирхолтой, эцсийн өмчлөгч нь тухайн аж ахуйн нэгжид хувь эзэмшдэг тохиолдолд тухайн эцсийн өмчлөгчийн эсрэг үр дүнтэй байж болно. Харин тухайн компани нь бүхэлдээ хууль бус үйл ажиллагаа явуулах зорилготойгоор байгуулагдсан халхавч компани бол эсвэл эцсийн өмчлөгч нь тухайн аж ахуйн нэгжийг албан өмчлөлөөр биш албан бусаар удирдан хянадаг тохиолдолд сайтар үр дүн гарахгүй.

Үүнтэй ойролцоо заалтууд АНУ-н банкны хуульд байдаг ба банкны хуулийг ноцтойгоор зөрчсөн тохиолдолд “байгууллагатай холбоотой талууд”-г банкны хяналтын байгууллага албан тушаалаас нь захиргаадан чөлөөлдөг. [e] Эдгээр санкцуудыг үр дүнтэйгээр мөрдөх эсэх нь хяналтын салбараас шалтгаална. Унгар улсын авсантай ойролцоо өөр нэг арга (Нүд 3-г үз) нь эцсийн өмчлөгч нь төвлөрсөн бүртгэлд мэдэгдэх ёстой ЭӨ-н мэдээллийг өгөөгүй тохиолдолд хэрэг болж болно. Эцсийн өмчлөгчдийн эсрэг санкц тавихаас гадна тухайн компанийг ЭӨ-н бүртгэлд “тодорхойгүй” эсвэл “найдваргүй” гэж тэмдэглэн эрх бүхий байгууллагууд болон мэдээлэх байгууллагуудад анхааруулж зохих шалгалт, арга хэмжээг авахуулуулах нь зүйтэй юм. Ийм мэдээллийг Харилцагчийн Судалгааны (ХС) хүрээнд мэдээлэх байгууллагад мэдэгдсэнээр тэд бүртгэлд мэдэгдэнэ. Энэ нь хуулийн этгээдийг өөрийгөө зохицуулах, нэр төрийн хувьд үүсч болох үр дагавруудыг бууруулах хөшүүрэг болно.

Нүд 3: Унгар дахь “тодорхойгүй” эсвэл “найдваргүй” хуулийн этгээдүүд [59]

2021 оны 5-р сарын 22-ны өдөр хүчин төгөлдөр болсон Унгарын XLII Хуульд (Эцсийн Өмчлөгчийн Бүртгэлийн Хууль буюу Афад хууль гэх) хуулийн этгээдүүдийг ТТ буюу арван оноо бүхий найдварын оноогоор үнэлдэг. Хуулийн этгээд бүр нь арван оноотой эхлэнэ. Хэрэв Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуулийн дагуу аливаа эрх бүхий байгууллага, улсын прокурор, шүүх болон бусад мэдээлэх аж ахуйн нэгж өөрт байгаа мэдээлэл болон ЭӨ-н төв бүртгэлд оруулсан мэдээлэл хоёрын хооронд ноцтой зөрүү илрүүлбэл ЭӨ-н бүртгэлийг хөтлөх эрх үүрэг бүхий байгууллага болох Унгарын Үндэсний Татвар, Гаалийн Захиргаанд мэдэгдэж болно.

Татварын алба нь тухайн мэдээлэлд үндэслэн тухайн хуулийн этгээдийн ТТ оноог өөрчилнө. Мэдээллийг хэн өгсөнөөс шалтгаалан (эрх бүхий байгууллага эсвэл өөр үйлчилгээ үзүүлэгч) тухайн хуулийн этгээдийн ТТ оноог нэг юмуу хоёр оноогоор хасна. Наймаас доош ТТ оноотой хуулийн этгээдийг “тодорхойгүй” гэж тэмдэглэх ба зургаагаас доош орвол “найдваргүй” гэж тэмдэглэнэ. Өөрчлөлт оруулсаны дараа тухайн хуулийн этгээдэд мэдэгдэх ба өөрчлөх боломж олгох 5 хоногийн хугацаа өгнө.

ЭӨ-н Бүртгэлийн Хуульд “тодорхойгүй” эсвэл “найдваргүй” хуулийн этгээдүүдэд мөнгөн санкц тавих заалт байдаггүй боловч бусад санкцууд байдаг. Үүнд:

  • Нэгдүгээрт “найдваргүй” гэж тэмдэглэгдсэн хуулийн этгээдүүдийн нэрийг татварын албаны вебсайт дээр нийтэлнэ. “Тодорхойгүй” гэж тэмдэглэгдсэн хуулийн этгээдүүд нь 180 хоногийн дотор мэдээллээ зохих ёсоор шинэчлэх замаар 10 оноогоо буцааж авахгүй бол мөн нийтэлнэ.
  • Хоёрдугаарт Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуулийн хүрээнд (хуульч, банк, халамжийн үйлчилгээ үзүүлэгч зэрэг) бүх мэдээлэх байгууллагуудыг “найдваргүй” харилцагчтай мөнгө угаах эрсдэл өндөр учраас 4.5 сая форинтоос (ойролцоогоор 13,000 ам.доллар) хэтэрсэн гүйлгээ хийхийг хориглодог.

Эрүүгийн санкц

Англид жишээ нь эцсийн өмчлөгч мэдээлэл олгоогүй бол эрүүгийн хэрэгт тооцон хоёр жил шоронд хорих, торгууль ноогдуулах, эсвэл хоёулангийн хэрэгжүүлэх арга хэмжээ авдаг. Францын 2020-115 Захирамжаар хуулийн этгээдэд зохих хугацаанд шаардлагатай мэдээлэл олгоогүй эсвэл үнэн зөв биш, дутуу мэдээлэл олгосон эцсийн өмчлөгчид эрүүгийн санкц ноогдуулах буюу зургаан сар хорьж 7,500 еврогоор (ойролцоогоор 8,200 ам.доллар) торгодог байна. АНУ мөн ойролцоо арга санал болгодог ба Компаний Ил Тод Байдлын Хуулийн дагуу ЭӨ-н үүргийг зөрчвөл 10,000 ам.долларын торгууль ноогдуулж 2 жил хүртэл хорино. [60]

Мэдүүлэг гаргагч этгээд

Мэдүүлэг гаргагч этгээд нь шаардлагатай ЭӨ-н мэдээллийг бүртгэлд мэдэгддэг буюу бүртгүүлдэг. Энэ хүн нь хуулиас шалтгаалан хувь хүн эсвэл санхүүгийн бус бизнес мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч байгууллага (СББМҮҮБ) байж болно. Мэдүүлэг гаргагч этгээд нь эцсийн өмчлөгч өөрөө байж болох ч олон тохиолдолд (хуульч, аудитор, консултант зэрэг) компаний зөвлөх эсвэл зарим орны хувьд бүртгэлд өгөх ЭӨ-н мэдээллийн үнэн зөвийг баталгаажуулах шаардлагатай нотариатч байж болно.

ЭӨ-н мэдээллийг нээлттэй байлган хугацаанд нь үнэн зөвөөр шинэчилж байхын тулд хуулийн этгээдүүдийг тухайн оронд оршин суугч нэг буюу түүнээс дээш тооны хувь хүнд эсвэл СББМҮҮБ-д ЭӨ-н шаардлагатай мэдээллийг өгөх эрхийг олгохыг [61] янз бүрийн олон улсын стандартаар шаарддаг. [62] Олон оронд эдгээр стандартуудын дагуу ЭӨ-н шаардлагатай мэдээллийг бүртгэлд мэдээлэх эрхийг тухайн оронд оршин суугч этгээдэд өгөхийг шаарддаг. Ийм аргыг ЭӨ-н мэдээллийг мэдээлэх дэглэмийг гадаадын хуулийн этгээдүүдээр мөрдүүлэхэд ялангуяа хэрэгтэй гэж үздэг. Ямартай ч мэдээллийг илүү үр дүнтэйгээр мэдээлүүлэхийн тулд санкцуудыг компаний төлөөлөгч зэрэг эдгээр эрх бүхий эсвэл мэдүүлэг гаргагч этгээдэд ноогдуулан ЭӨ-н мэдээллийг мэдээлэх шаардлагыг зөрчсөнд нь хариуцлага хүлээлгэдэг байх нь чухал юм. [63]

Гэхдээ ЭӨ-н шаардлагатай мэдээллийг мэдээлэхэд (хуульч, нягтлан бодогч, нотариат зэрэг) гуравдагч тал оролцсон бол бүртгэлд өгөхийн өмнө ЭӨ-н хуурамч мэдээллийг хүлээн авсанаа мэдээгүй байсан бол тухайн гуравдагч талд хариуцлага хүлээлгэх үү гэсэн асуулт гардаг. Словак зэрэг зарим оронд гуравдагч талуудад мэдээллийн үнэн зөв байдалд хариуцлага хүлээлгэх замаар баталгаажуулалтыг хангадаг (Нүд 4-г үз). Харин эсрэгээрээ Украйнд нотариатчид мэдээллийн үнэн зөв эсэхийг тогтооход хүндрэл учруулах боломжтой хуулийн этгээдүүдийн олгосон хуурамч мэдээллийг бүртгэлд өгсөнөөс болж хариуцлага хүлээн санкц тавиулахыг хүсэхгүй байсан тул ийм системийг дэмжихгүй байжээ.

Ийм нөхцөлөөс урьдчилан сэргийлэхийн тулд гуравдагч талын олгосон ЭӨ-н мэдээлэлтэй холбоотой зарим урьдчилсан нөхцөлийг хуульд оруулах замаар санкцыг үр дүнтэй байлгаж болно. Жишээ нь ихэнх оронд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг хуулийн орчны хүрээнд энэ мэдээллийг СББМҮҮБ олгох үүрэг хүлээдэг тул хүлээн авсан мэдээллээ баталгаатай, хараат бус баримт бичгээр дамжуулан баталгаажуулах зэргээр харилцагчдаа таньж мэдэхийг СББМҮҮБ-с шаарддаг. Ийм урьдчилсан нөхцөлүүдийг холбогдох ЭӨ-н мэдээллийг мэдээлэх дэглэмд оруулах замаар мэдүүлэг гаргагч этгээдээр бүртгэлд бүртгүүлэхийн өмнө мэдээлэлд зохих ЭӨ-н шалгалтыг хийлгэж үнэ зөвийг нь баталгаажуулуулдаг байх ёстой. Хэрэв гуравдагч тал судалгаа шалгалтаа зөрчин ЭӨ-н мэдээллийн үүргээ зөрчсөн байвал (жишээ нь үнэн зөв биш, хуурамч, буруу мэдээлэл өгсөн бол) санкц тавих ёстой. Бүртгэлд хуурамч, буруу мэдээллийг оруулахад санаатайгаар эсвэл хайхрамжгүй байдлаар дэмжлэг үзүүлсэн бол мөн санкц тавина.

Нүд 4: Словак дахь гуравдагч талын хариуцлага [64]

Словакт ЭӨ-н мэдээллийг Төрийн Түншлэлийн Бүртгэлд хуульч, нотариатч, аудитор, татварын зөвлөх зэрэг эрх бүхий этгээдийг бүртгүүлэхийг шаарддаг. Төрийн Түншлэгчийн Бүртгэлийн Хуулийн 5(6) Хэсэгт эрх бүхий этгээдийг ЭӨ-н мэдээллийг бүртгэлд бүртгүүлэх хүсэлт гаргахдаа үнэн зөв, бүрэн мэдээлэл өгөхийг үүрэг болгодог. Тус хуульд эрх бүхий этгээдийг ЭӨ-н мэдээлэлд аливаа өөрчлөлт орсоноос хойш 60 хоногийн дотор бүртгэлд мэдэгдэн ЭӨ-н мэдээллийг шинэчлэн баталгаажуулах баримт бичгийг өгөхийг үүрэг болгодог (Хэсэг 9). Хуулийн Хэсэг 11(1)-т дараахыг тодорхой заасан байдаг:

... төрийн түншлэгч болон эрх бүхий этгээд нь бүртгэлд оруулсан мэдээллийн үнэн зөв, эцсийн өмчлөгчдийн тодорхойлох мэдээлэл, эцсийн өмчлөгчийн тодорхойлох мэдээллийн баталгаажуулалт зэргийг хариуцна. [65]

Төрийн Түншлэгчийн Бүртгэлийн Хуулийн 13 Хэсэгт эрх бүхий этгээд нь мэргэжлийн анхаарал болгоомжийн дагуу үйлдсэн эсэхээ баталж чадахгүй бол бүртгэлд оруулсан хуурамч эсвэл дутуу ЭӨ-н мэдээлэлд хуулийн этгээдэд ноогдуулсан торгуулийг төлнө гэж заасан байдаг. Мөн эрх бүхий этгээд нь тухайн хуулийн этгээдэд ноогдуулсан санхүүгийн торгуулийн үйл ажиллагаанд оролцоно.

Нүд 5: Дани улс дахь гуравдагч талын үүрэг, хариуцлагын талаарх заалтууд [66]

Дани улсад компани үүсгэн байгуулах үед бизнесийн бүртгэлээс хуульч, аудитор, банк зэрэг гуравдагч талуудыг шаардлагатай капиталыг бүрэн төлсөнийг баталгаажуулахыг шаарддаг. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг үүрэг хүлээх болон харилцагчийг судлан шалгах ёстой талууд нь компанийг үүсгэн байгуулах ажиллагаанд ихэнхдээ оролцдог гэсэн үг юм.

Бизнесийн Төв Бүртгэлд хуулийн этгээдүүдийг үүсгэж эсвэл байлгаж буй хувь хүн, байгууллага нь тусгай таниулах үнэмлэх (NemID) ашиглах ёстой ба Бизнесийн Төв Бүртгэлд орсон мэдээлэл үнэн зөв болох дээр цахимаар гарын үсэг зурах ёстой байдаг. NemID-г төрийн агентлагаас олгодог ба энэ нь Данийн Бизнесийн Ерөнхий Газар баталгаажуулалт хийх зорилгоор ашиглаж болох бүртгүүлж байгаа этгээдийн талаарх дижитал мэдээлэл бүхий цахим мөр үлдээдэг. NemID-г мөн төрийн байгууллага болон интернет банкнаас мэдээлэл авах зэрэг бусад зорилгоор интернетэд аюулгүй нэвтрэхэд ашигладаг.

Компаний алба хаагч

Компаний алба хаагчаар бүртгэлд хангалттай, үнэн зөв, сүүлийн үеийн ЭӨ-н мэдээллийг оруулах шаардлагатай алхамуудыг авахуулахын тулд компаний албан хаагчдыг ЭӨ-н санкцын дэглэмд оруулах нь чухал юм. Энэ тал дээр компаний алба хаагч гэж хэнийг хэлэх вэ гэсэн асуулт гарч ирнэ. Үүнд ихэвчлэн компаний захирлууд, [f] удирдах ажилтнууд, удирдлагууд орно. Жишээ нь Дани улсад аливаа компани ЭӨ-н мэдээллээ бүртгүүлээгүй эсвэл эрх бүхий байгууллагад өгөөгүй бол тухайн компани болон удирдлагыг эрүүгийн хэрэг үйлдсэнд тооцдог. [67] Францад компаний менежер ЭӨ-н мэдээллийг мэдээлэх шаардлагыг мөрдөөгүй бол эрүүгийн хариуцлага хүлээлгэх (зургаан сар хоригдон 7,500 евро буюу ойролцоогоор 8,200 ам.доллараар торгуулах ) эсвэл компаний удирдлагад ажиллуулахгүй байх гэсэн ойролцоо заалт байдаг. [68]

Белгид ЭӨ-н мэдээлэл өгөх шаардлагыг мөрдөөгүй компанийн захирлыг эрүүгийн хэргээр 50-иас 5,000 еврогоор торгох (ойролцоогоор 55-5,500 ам.доллар), захирал, зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх комисс, удирдлагад оролцогч этгээд зэрэг зөрчил үйлдсэн этгээдүүдийг захиргааны шийтгэлийн хүрээнд 250-иас 50,000 еврогоор (ойролцоогоор 275-60,300 ам.доллар) торгодог. [69] Санкцын цогц дэглэмийн хүрээнд улс орнууд компаний алба хаагчдад санкц ноогдуулах талаар бодолцож үзэх ёстой.

Хуулийн этгээд

Дийлэнх улс оронд ЭӨ-н мэдээллийг мэдээлэх дэглэмийг зөрчвөл хуулийн этгээдэд хариуцлага, санкц тавина гэсэн хуулийн заалтууд байдаг. Гэхдээ эдгээр санкцууд нь ихэвчлэн эрүүгийн бус санхүүгийн болон санхүүгийн бус санкцууд байдаг.

Компанид эрүүгийн хэрэг үүсгэх нь дийлэнх оронд байдаггүй зүйл ба ийм санкцыг хэрэгжүүлэх нь тухайн орны эрх зүйн системээс шалтгаалдаг ба орон оронд өөр байдаг. Жишээ нь Англи, АНУ-д голчлон авлига, мөнгө угаасан хэрэгт компанид эрүүгийн хэрэг үүсгэдэг. Англид эцсийн өмчлөгчдийн талаар худал мэдээлэл өгвөл компанид эрүүгийн хэрэг үүсгэнэ. Шийтгэл нь хоёр жил хорих (дээр дурдсанчлан захирлуудад эрүүгийн хариуцлага ноогдуулсанаар) Үүнтэй ойролцоо нь Английн Авлигын Хууль 2010-н 7-р Хэсэгт авлигаас урьдчилан сэргийлэх хангалттай арга хэмжээ аваагүй компанид хэрэг үүсгэнэ.

Гэхдээ хуулийн этгээд зэрэг амьгүй үйлдэгч нь санаа зорилго агуулах боломжгүй тул хариуцлага хүлээж чадахгүй гэдгийг ихэд онцолдог иргэний эрх зүйт орнуудад ялангуяа компанид эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндсэн хуулийн хувьд зохистой юу эсэх нь ихээхэн маргаантай асуудал байдаг. Ямартай ч Белги, Дани, Франц, Голланд зэрэг зарим иргэний эрх зүйт орнуудад компанид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль журам баталсан байдаг нь үүнийг иргэний хуулийн үндсэн хуулийн дагалдагч биш гэдгийг тодорхой хэмжээнд харуулж байна. Гэхдээ дээр дурдсанчлан компанид эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь тухайн орны эрх зүйн системээс хамааран бүх оронд бүтэхгүй байж болно.

Зүүлт тайлбар

[e] АНУ-н Холбооны Депозит Даатгалын Хууль, хэсэг 8(e). “Байгууллагатай холбоотой тал” гэдэгт бусад этгээдээс гадна ФАТФ-н Стандартын дагуу эцсийн өмчлөгчтэй тэнцэхүйц банк удирдан хянадаг этгээдийг хэлнэ.

[f] Англид сүүдэр захирлыг хүртэл компаний алба хаагч гэж үзэх ёстой гэж шаарддаг.

Төгсгөлийн тайлбарууд

[56] Захирамж (EU) 2018/843 (AMLD5), Зүйл 30(a)(1).

[57] ЕХ доторх ЭӨ-н мэдээллийг бүртгүүлэхэд тавигдах шаардлага, KPMG International, 34.

[58] “Журам 19 – Хязгаарлалт хийх мэдэгдлийн агуулга”, Нөлөө бүхий эзэмшигч этгээдүүдийн Бүртгэлийн журам 2016, https://www.legislation.gov.uk/uksi/2016/339/regulation/19/made. Мөн дараахыг үзнэ үү: “Жагсаалт 1B – Мэдээллийг өгөх шаардлагыг мөрдүүлэх”, Компаний Хууль 2006, https://www.legislation.gov.uk/ukpga/2006/46/schedule/1B.

[59] 2021. évi XLIII. törvény a pénzügyi és egyéb szolgáltatók azonosítási feladatához kapcsolódó adatszolgáltatási háttér megteremtéséről és működtetéséről (Afad.), 22 May 2021, https://njt.hu/jogszabaly/2021-43-00-00.0; нэмэлт мэдээллийг дараахаас авна уу: Gábor Gelencsér and Judit Sós, “Эцсийн өмчлөгчийн бүртгэлийг танилцуулахтай холбоотой хураангуй”, Kinstellar, 2021 оны 7-р сар, https://www.kinstellar.com/locations/news-deals-insights/detail/11/1492/summary-regarding-the-introduction-of-the-ultimate-beneficial-owners-registry.

[60] “Компаний Ил Тод Байдлын Хууль 2019”, part of the William M. (Mac) Thornberry National Defense Authorization Act for Fiscal Year 2021, Id. § 6403(c)(3)(A), https://www.congress.gov/116/plaws/publ283/PLAW-116publ283.pdf.

[61] Үүний талаар дараахаас үзнэ үү: Ил тод байдал ба эцсийн өмчлөгч (Парис: ФАТФ, 2019 оны 10-р сар), 27, https://www.fatf-gafi.org/media/fatf/documents/reports/Guidance-transparency-beneficial-ownership.pdf, үүнд “дээд удирдлагын зөвлөлийн гишүүд нь компаниас тусгайлсан зөвшөөрөл авах үйлдэл нь өөрсдийнх нь эрх мэдэлд хамаарах тул ингэхийг хориглоно” гэж заасан байдаг.

[62] Мөнгө Угаах, Терроризмыг Санхүүжүүлэхтэй Тэмцэх Олон Улсын Стандарт: ФАТФ-н Зөвлөмжүүд, ФАТФ, 93.

[63] Хуулийн этгээдүүдийн эцсийн өмчлөгчийн Сайн Туршлагууд, ФАТФ, 23. Мөн дараахыг үзнэ үү: EITI Стандарт 2019, EITI, 2019 оны 10-р сарын 15, https://eiti.org/sites/default/files/attachments/eiti_standard_2019_en_a4_web.pdf. (EITI Стандарт Шаардлага 2.5-д ЭӨ-н мэдээллийг мэдээлэх оронд оршин суудаг эсэхийг заагаагүй ч ЭӨ-н мэдэгдлийг дээд удирдлагын баг эсвэл хуулийн дээд зөвлөлийн гишүүнээр гарын үсэг зуруулан баталгаажуулахыг зөвлөдөг).

[64] Хууль. No. 315/2016 Coll. Төрийн Түншлэлийн Бүртгэл ба зарим Хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь 2016 оны 10-р сарын 25-нд нэмэлт өөрчлөлт оруулсан, https://www.slov-lex.sk/pravne-predpisy/SK/ZZ/2016/315/20191101.

[65] Ibid, Хэсэг 11(1).

[66] Хуулийн этгээдүүдийн эцсийн өмчлөгчийн Сайн Туршлагууд, ФАТФ, 32.

[67] Ibid, 67.

[68] ЕХ доторх ЭӨ-н мэдээллийг бүртгүүлэхэд тавигдах шаардлага, KPMG International, 19.

[69] Ibid, 7.

Next page: Санкцыг үр дүнтэйгээр хэрэгжүүлэх