Эцсийн өмчлөлийг мэдээлэх санкц, мөрдүүлгийг боловсруулах

  • Publication date: 28 April 2022
  • Authors: Ramandeep Kaur Chhina, Tymon Kiepe
  • |  View in: English 

Дүгнэлт

Хангалттай, үнэн зөв, сүүлийн үеийн ЭӨ-н мэдээллийг агуулсан ЭӨ-н мэдээллийн дэглэмийг үр дүнтэй байлгахын тулд улс орнуудын хувьд үр дүнтэй, тэнцвэртэй, урьдчилан сэргийлэх санкцуудыг хэрэгжүүлж мөрдүүлэх нь маш чухал юм. Энэ бодлогын танилцуулга нь НӨ-н зарчмын хамтаар ЭӨ-н санкцын дэглэмийг хэрхэн сайн боловсруулж мөрдүүлэх талаар бодолцох асуудлын хүрээ олгоно.

Товчхондоо энэхүү бодлогын танилцуулга нь үр дүнтэй, урьдчилан сэргийлэх, тэнцвэртэй санкц болон мөрдүүлэх дэглэмийг бий болгон ЭӨ-н мэдээллийг мэдээлэх шаардлагын мөрдөлтийг нэмэгдүүлж мэдээллийг хангалттай, үнэн зөв, сүүлийн үеийн байлгах талаар бодлого гаргагч, хэрэгжүүлэгчдийн бодолцож үзэх ёстой гол зүйлсийг ерөнхий авч үзсэн болно. Санкцын дэглэм нь хувь хүн, хуулийн этгээд, хуулийн бүтэц бүхий байгууллагуудын эсрэг захиргаа, санхүү, санхүүгийнбус, эрүүгийн санкцуудын янз бүрийн хослолыг хэрэгжүүлэх ёстой. Зөвхөн мөнгөн торгууль тавих эсвэл хэт бага торгууль тавих нь санкцыг зүгээр бизнесийн үйл ажиллагаа явуулах зардал гэсэн ойлголт төрүүлэхэд хүргэж болно. Энэ танилцуулгад мөнгөн торгуулиас илүү үр дүнд хүргэж болох янз бүрийн санхүүгийн бус санкцуудыг авч хэлэлцсэн. Хариуцлагын цоорхой үүсгэхээс зайлсхийхийн тулд санкцууд нь мэдэгдэгч этгээд, эцсийн өмчлөгч, компаний алба хаагч зэрэг компаний бүх гол этгээдүүд болон тухайн компанийг хамрах ёстой. Ингэснээр урьдчилан сэргийлэх нөлөө нь мэдээлэл олгоход оролцдог бүх гол үйлдэгчдэд хамаарах боломжтой болно. Мөн аливаа улс орон нь ЭӨ-тэй холбоотой үүргийг (нотариатч, хуульч зэрэг) гуравдагч талд ноогдуулсан тохиолдолд эдгээр гуравдагч талуудад үүргээ биелүүлээгүй эсвэл зөрчсөн тохиолдолд санкц тавих ёстой. Оршин суугч бус ЭӨ болон компаниуд байгаа зэрэг зарим тохиолдолд хэрэгжүүлэгчид нь мэдэгдлийг оршин суугч гуравдагч талаар гаргуулж зөв болохыг нь баталгаажуулах замаар мэдэгдэлд оролцдог гол үйлдэгчдийг хуулийн үйлчлэлд оруулах талаар бодолцож үзэх ёстой. ЭӨ-н мэдээллийг өгөхгүй байх, хоцрогдуулах, дутуу өгөх, хуурамчаар өгөх зэрэг бүх төрлийн үл мөрдөлт болон давтан үл мөрдөлтөд санкц тавих ёстой. Мөн ЭӨ-н мэдээллийг буруугаар ашиглах зэрэг ЭӨ-тэй холбоотой бусад зөрчилд санкц тавих эсэхийг хэрэгжүүлэгчид бодолцон үзэж болно.

Санкц болон мөрдүүлэлтийг үр дүнтэйгээр хэрэгжүүлэхийн тулд санкцыг аль эрх бүхий байгууллага хариуцах вэ гэдгийг тодорхой тогтоож өгөх ёстой. Тухайн санкц тавих байгууллага нь мөрдөн шалгах, хууль сахиулах чиг үүргийг гүйцэтгэх зэрэг санкцыг мөрдүүлэх хангалттай нөөц, хуулийн эрхтэй байх ёстой юм. Санкц тавих байгууллага болон прокурор зэрэг мөрдүүлэлтийг хангах үүрэгтэй агентлагуудын хооронд мэдээллийг үр дүнтэй дамжуулах зохих процедур, процесс байх ёстой. Санкцын урьдчилан сэргийлэх нөлөөг нэмэгдүүлэхийн тулд тавьсан санкцын талаарх мэдээллийг нийтэлж болно. Боломжтой бол санкцуудыг автоматжуулах хэрэгтэй ба (хуурамч мэдээлэл өгөх зэрэг) үл мөрдөлтийг илрүүлэхийн тулд хүчирхэг баталгаажуулах шалгалт процесс байх шаардлагатай. Захиргаа болон иргэний торгууль санкц тавьсан тохиолдолд нотлох үүргийг мэдээлэл олгогч талд ноогдуулах нь мөрдүүлэх хүчирхэг хэрэгсэл байж болно.

Эцэст нь журам мөрдөх соёл зэрэг өөр олон хувьсагч байгаа үед санкц, мөрдөлт хоёрын хоорондох шууд хамаарлыг тодорхойлох нь бэрхшээлтэй тул санкцын үр дүнтэй байдлыг хэмжихэд хэцүү юм. Санкцын дэглэмийг хэрэгжүүлэх үүрэгтэй бодлого гаргагчид нь гаргасан санкц, хянан шийдвэрлэлтийн дүн болон журам мөрдөлт зэргийн статистик мэдээг цуглуулж, хянан, нийтэлсэнээр санкц, мөрдөлт хоёрын хоорондох хамаарал болон санкцыг юу үр дүнтэй, урьдчилан сэргийлэх шинж чанартай, тэнцвэртэй болгож байгааг бусдад илүү сайн ойлгуулах боломж бүрдэнэ.